top of page

Covid-19 цар тахал болон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн зохицуулалт

2019 оны сүүлээр БНХАУ-ын Ухань хотод Covid-19 халдвар илэрснээс хойш өнөөдрийн байдлаар тус халдвар дэлхийн ихэнх улс оронд тархаж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан билээ.

COVID-19 халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоолоор тус вирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээг баталсны дотор бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоон, үүнтэй холбогдуулж олон нийтийг хамарсан урлаг, спортын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, хүүхдийн зуслан, тоглоомын газар ажиллуулахгүй байх, кино, үзвэрийн газарт 18 наснаас доош насны хүүхдийг оруулахгүй байх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн засаг дарга нарт даалгасан.


Мөн Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 тоот тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн бөгөөд энэ хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгагдаад байна. 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг баталж, хэрэгжүүлж байгаа билээ. Тус удирдамжид баар, ресторан, нийтийн хоол, үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарийг өөрчлөх, аж ахуйн нэгж байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэх зэрэг арга хэмжээ багтсан. Мөн олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчих хөдөлгөөнийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл түр зогсоосон байдалтай байна.


Дээрх шийдвэр арга хэмжээтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум дүүргүүд тус тусын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн дотор нийслэлийн хэмжээнд тухайлбал олон нийтийг хамарсан хурал, цуглаан, тэмцээн, аялал зугаалга, урлаг спортын арга хэмжээ, спорт шашин, үзвэр үйлчилгээний газар олон амралт жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 4 дүгээр сарын 30-н өдрийг хүртэл түр зогсоосон.


Зөвхөн Монгол Улсад төдийгүй Монгол Улстай худалдаа, бизнесийн түншлэгч улс орнуудад хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, гэрээний үүргийн хэрэгжилттэй холбоотой олон асуудлууд тулгарч эхэлж байна.


Энэхүү мэдээллээр Covid-19 халдварын тархалт гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд хамаарах эсэх, цаашлаад гэрээний хэрэгжилтийг хэрхэн зохицуулах талаар товч мэдээлэл хүргэж байна.


1. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэж юу вэ?


Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл (цаашид “давагдашгүй хүчин зүйл” гэх) буюу “force majeure” нь гэрээний талууд гэрээ байгуулах үед буюу гэрээ хэрэгжих хугацаанд урьдчилан таамаглах боломжгүй, тэдний хүсэл зориг, хяналтаас гадуур болсон онцгой нөхцөл байдал юм. Гэрээний талууд ийм нөхцөл байдлаас болж гэрээний үүргээ хэвийн байдлаар гүйцэтгэх боломжгүй болох, гэрээг үргэлжлүүлэхэд саад учруулах нөхцөл байдлыг давагдашгүй хүчин зүйлээс болсныг нотолж чадвал давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой хууль болон гэрээний зохицуулалт нь эрсдэлийг хуваарилах, гэрээний үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх, үүрэг гүйцэтгэх хугацааг хойшуулах зэрэг арга хэмжээг авах боломжийг олгодог.

Давагдашгүй хүчин зүйл гэдэгт ямар нөхцөл байдал, тохиолдлыг хамруулж ойлгох тухай тодорхойлолт Монгол Улсын Иргэний хууль (“Иргэний хууль”)-д тусгагдаагүй тул талууд гэрээндээ ихэвчлэн харилцан тохиролцож оруулдаг. Тухайлбал, ямар тохиолдлыг давагдашгүй хүчин зүйл гэж үзэх, хэрэв ийм тохиолдол гарвал хэрхэн шийдвэрлэх, гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулах эсэх, хариуцлагаас чөлөөлөгдөх эсэх гэх мэт асуудлыг гэрээгээр тохиролцдог. Талуудын нөхцөл байдал, гэрээний зүйлийн онцлог, гэрээ хэрэгжих хугацаанаас хамаарч давагдашгүй хүчин зүйлийн талаар гэрээнд тусгах шаардлагатай эсэх, цаашлаад тусгасан бол ямар нөхцөл болзол, үр дагавартайгаар тусгахыг талууд харилцан тохиролцох шаардлагатай.


Гэхдээ талууд гэрээндээ давагдашгүй хүчин зүйлийн тухай харилцан тохиролцоогүй байлаа гээд энэ тохиолдлыг огт харгалзаж үзэхгүй гэсэн үг биш юм. Иргэний хуульд “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл” байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзэхээр заасан ба тухайн гэрээний төрлөөс хамаарч эрсдэл, хариуцлагыг хуваарилах зохицуулалт тусгагдсан байна.


Цаашлаад, Иргэний хуулийн 221.1, 221.2 дугаар зүйлд хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзах, 222.2 дугаар зүйлд хугацаа хэтэрсэн нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байх зэрэг ерөнхий зохицуулалт бий.


2. Covid-19 халдварын тархалт нь давагдашгүй хүчил зүйлд хамаарах уу?


Covid-19 халдварын тархалтын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллагууд хорио цээр тавих, ажиллах цаг, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээ авч байгаа нь олон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, гэрээний үүргийн гүйцэтгэлд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой.


Тухайлбал, МҮХАҮТ-аас вирусын тархалттай холбоотой бизнест үзүүлж байгаа үр нөлөөний судалгаагаар тус вирусын тархалт бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаарх асуултад хариулсан хариултын 57.7% нь бараа, үйлчилгээний эрэлт буурсан, 40.1% нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон гэсэн байна[1].


Covid-19 халдварын тархалтаас шалтгаалж гэрээний үүрэг биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх эсэх нь юуны өмнө талуудын хооронд байгулсан гэрээнийн нөхцөл, заалтаас хамаарна. Нэгдүгээрт, давагдашгүй хүчин зүйл гэдэгт ямар тохиолдол хамрахыг талууд гэрээгээр заасан бол уг заалтад “олныг хамарсан халдварт өвчин”, “цар тахал”, “хөл хорио цээр”, “төрийн байгууллагын шийдвэр” зэрэг багтсан эсэхийг юуны өмнө нягталж үзнэ. Практикт, олон гэрээнд “хорио цээр”, ”“төр, захиргааны байгууллагын шийдвэр”-ийг давагдашгүй хүчин зүйлд оруулсан байдаг. Энэ тохиолдолд цар тахлын үр дагавартай холбоотой гарч буй “төрийн байгууллагын шийдвэр” болон “хорио цээрийн арга хэмжээг” давагдашгүй хүчин зүйлд тооцох боломжтой.


Гэрээнд дээрхи заалт байхгүй байсан ч гэрээний үүргээ биелүүлэх хугацааг хожимдуулсан бол Иргэний хуулиар ийнхүү үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй нь өөрийн гэм буруугаас болоогүй гэдгээ нотолж чадвал хугацаа хэтрүүлсэнд тооцогдохгүй байх боломжтой.


МҮХАҮТ-ын гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгох холбогдох журамд[2] зааснаар давагдашгүй хүчин зүйлд бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээрийг оруулсан байна. Иймд МҮХАҮТ-аас тус гэрчилгээг гаргуулж авч болно. Гэхдээ маргаан үүсвэл шүүх тус гэрчилгээг нотлох баримт гэж үнэлэх эсэх, гэрээний үүрэг гүйцэтгэж чадаагүй нь тухайн давагдашгүй хүчин зүйлээс болсон эсэхийг тодорхойлж шийдвэрлэх болохыг анхаарах нь зүйтэй.


3. Covid-19 халдварын тархалтттай холбоотой гэрээний үүргийн гүйцэтгэлд саад учрах тохиолдолд ямар арга хэмжээ авч болох вэ?


Юуны өмнө, гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн талаар хэрхэн тохиролцсоныг талууд нягталж үзэх хэрэгтэй. Дээр дурдсаны дагуу цар тахал, түүний үр дагавар (өндөржүүлсэн бэлэн байдал зарлах гэх мэт) давагдашгүй хүчин зүйлд хамаарч буй эсэхийг шалгана. Түүнчлэн, гэрээнд талууд нэн даруй мэдэгдэл өгөх зэрэг хугацаа заасан мэдэгдэх үүрэг оруулсан эсэхийг нягтлана. Зарим гэрээнд давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг нотлох баримт гаргаж өгөх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авсаныг нотлох зэрэг нэмэлт үүрэг заасан байдаг тул гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг шалгана.


Гэрээнд заагаагүй ч давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон бол энэ тухайг гэрээний нөгөө талд хугацаа алдалгүй мэдэгдэж, учрах хохирлыг багасгах арга хэмжээг авах нь олон улсын хэмжээнд тогтсон бизнесийн хэв заншил буюу гэрээний талуудын үнэнч шударга байх зарчимтай уялддаг. Мөн тухайн үүргийн гүйцэтгэл хэрэгжээгүй нь вирусын тархалт буюу түүний үр дагавраас шууд хамааралтай болохыг нотлох шаардлагатай болно.


Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тухайн бизнесийн байгууллага өөрийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, учрах хохирол эрсдэлийг бууруулахаар хийж буй үйл ажиллагаа зэргээ баримтжуулж, гэрээний холбогдох талуудад гэрээний үүргээ гүйцэтгэхэд тулгарч буй саад бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар шуурхай харилцан ярилцах, зөвшилцөх зэрэг ажлуудыг хийх нь оновчтой. Түүнээс гадна, гэрээний талууд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээндээ нэмэлт, өөрчлөлт оруулж давагдашгүй хүчин зүйлийг давах туулахтай холбоотой нөхцөлийг тохиролцож болно.

5. Давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор гэрээг цуцалж болох уу?


Давагдашгүй хүчин зүйл учирсантай холбоотойгоор гэрээ цуцлах боломжтой эсэхийг гэрээнд талууд тохиролцсон бол тухайн гэрээний нөхцөлийг харгалзана. Зарим гэрээнд талууд давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал тодорхой хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд цуцлах, эсвэл цуцлахгүйгээр үүргийн гүйцэтгэлийн хугацааг сунгах зэрэг заалттай байдаг тул гэрээгээр тохиролцсон нөхцөлөө шалгаж үзэх хэрэгтэй.


Урт хугацаатай гэрээний хувьд Иргэний хуулийн 221.1 дүгээр зүйлийн дагуу давагдашгүй хүчин зүйлийн улмаас талууд гэрээнээс татгалзах боломжтой.


6. Цаашид давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор юуг анхаарах хэрэгтэй вэ?


COVID-19 халдварын тархалт ихэнх улс орныг хамарч, олон улсын хэмжээнд эдийн засгийн эргэлт, худалдааны үйл ажиллагаанд бодитойгоор нөлөөлж буй нөхцөл байдал үргэлжилж буй нөхцөлд бизнес эрхлэгчид гэрээндээ давагдашгүй хүчин зүйлийн талаарх зохицуулалтыг оновчтойгоор тусгаж гэрээ байгуулах нь зүйтэй юм. Тухайлбал, давагдашгүй хүчин зүйлд онц ноцтой халдварт өвчин, цар тахал, олон нийтийг хамарсан онцгой байдал зарлах зэрэг нөхцөл хамаарахыг тусгах, гэрээний аль тал эрсдэл, зардлыг хариуцах, гэрээнд заасан алданги, торгууль төлөх үүргээс чөлөөлөгдөх эсэх, хэрхэн хоорондоо харилцаж, асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг тусгаж болно.


Тухайн гэрээний онцлог шинж чанараас хамаарч давагдашгүй хүчин зүйл гэсэн ерөнхий байдлаар бус харин бүх нийтийг хамарсан эсвэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих шийдвэр гарсан, нийтийг хамарсан хорио цээр тогтоосон гэх мэт онцгой тохиолдолд гэрээний үүргээс чөлөөлөгдөнө зэргээр онцолж зааж болно.


Цаашлаад, дэлхийн олон орны эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд урт хугацаагаар нөлөөлөх COVID-19 халдварын тархалттай төстэй нөхцөл байдал үүсэхэд хэрхэн эрсдэлийг тооцох, бизнесийн орлогын алдагдал, тасалдлын даатгалтай байх зэрэг эрсдэлээс хамгаалахад анхаарч ажиллах хэрэгтэй болж байна. Бизнесийн хамтрагч, түншлэгч болж, гэрээ байгуулж ажиллаж байгаа талууд давагдашгүй онцгой нөхцөл байдлын улмаас учирч болох эрсдэлийг бууруулах, аль аль талдаа асуудлыг тэнцвэртэй шийдвэрлэхийн тулд давагдашгүй хүчин зүйлийн талаарх нөхцөлийг гэрээндээ оновчтой тусгах нь ач холбогдолтой юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Өмгөөллийн Авинекс Партнерс ХХН

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Жамьян гүний гудамж 18/1,

Даунтаун оффисийн барилга 702 тоот Утас: 7777 0033/ 7777 7021, имэйл: solongoo@avinexlaw.mn info@avinexlaw.mn PDF файлыг дараах холбоосоор авна уу: https://drive.google.com/file/d/1W6TONB3aBbr3diR2J7pb3huiaXWufFh3/view?usp=sharing [1] МҮХАҮТ-аас гаргасан Эдийн засгийн эрсдэлийг удирдах багц санал https://www.mongolchamber.mn/resource/mongolchamber/File/2020/03/08/6yqhap7or3n8bn6w/Tanhimiin%20sanal_v0305.pdf [2] Force majeure /Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship /Хүнд нөхцөл байдал/-ын баталгаа гаргах журам https://www.mongolchamber.mn/resource/mongolchamber/File/2020/03/11/5ha4lwxkqg9e1h0c/Force%20Majeure%2020200124.pdf

968 views

Recent Posts

See All

Улсын их хурлын ээлжит сонгуулийн сурталчилгаатай холбоотой зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлд Монгол Улсын Их Хурал (цаашид “УИХ” гэх) нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байх, УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээр

bottom of page