top of page

Улсын их хурлын ээлжит сонгуулийн сурталчилгаатай холбоотой зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлд Монгол Улсын Их Хурал (цаашид “УИХ” гэх) нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байх, УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгох тухай заасан билээ.


Үүний дагуу дөрвөн жил тутам зохион байгуулагддаг УИХ-ын ээлжит сонгууль 2020 онд зохион байгуулагдах гэж буйтай холбоотойгоор УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд заасны дагуу энэ удаагийн ээлжит сонгуулийн санал авах өдөр нь 2020 оны 6 дугаар сарын 24-ний лхагва гараг байна.


УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль нь 2019 оны 12-р сарын 20-ны өдөр батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль” (цаашид “УИХ-ын сонгуулийн тухай хууль” гэх)-ийн дагуу томосгосон мажоритар системээр явагдана. Түүнчлэн, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 тойргийг 2020 оны 1-р сарын 30-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын дагуу байгуулсан байна.

Сонгуулийн сурталчилгаатай холбоотой хууль тогтоомжуудыг дурдвал, УИХ-ын сонгуулийн тухай хууль, 2017 оны 5-р сарын 11-ний өдөр батлагдсан “Зөрчлийн тухай хууль”, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 4-р сарын 7-ны өдрийн 18/22 тоот хамтарсан тогтоолын хавсралтаар батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам” болон Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4-р сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам” зэрэг байна.


Сонгуулийн сурталчилгаатай холбоотой харилцааг дээрх хууль тогтоомжид хэрхэн зохицуулсан талаар УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан бэлтгэсэн мэдээллийг дараах хэсгээс хүлээн авна уу.

1. Сонгуулийн сурталчилгааны ажлыг хэн эрхлэн явуулах вэ?


УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгааны ажлыг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгууль эрхэлсэн байгууллага эрхлэн явуулна.


Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 100 хүртэл, нийслэлд 20 хүртэл, аймаг, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно. Харин нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно.


Дээрх ажилтнуудад холбогдох шатны сонгуулийн хорооноос үнэмлэх олгох бөгөөд тэдгээрээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.


2. Сонгуулийн сурталчилгааг хэзээ явуулах вэ?


Сонгуулийн сурталчилгааг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлүүлж 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 24 цагийн өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 23-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд явуулах боломжтой.


Сонгуулийн сурталчилгааг зөвхөн дээр дурдсан хугацаанд явуулна. Хэрэв дээр дурдсан хугацаанаас өмнө эсхүл дараа сонгуулийн сурталчилгаа хийсэн бол хувь хүнийг 20 сая төгрөгөөр, харин хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуульд заасан байна. Мөн дээрх хугацааг зөрчиж сурталчилгаа явуулсан радио, телевизийн байгууллагын хувьд олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “ХХЗХ” гэх) зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана.


3. Сонгуулийн сурталчилгааны ажлыг хэрхэн явуулах вэ?

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн сурталчилгааг зөвхөн дараах 8 арга, хэлбэрээр явуулж болно. Үүнд:


1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах,

2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах,

3. Хуульд өөрөө заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах,

4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх,

5. Ухуулах байр ажиллуулах,

6. Радио телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах,

7. Цахим орчин ашиглах, болон

8. Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.


Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан бол хүнийг 20 сая төгрөгөөр, харин хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуульд заасан байна.


3.1 Тээврийн хэрэгсэл ашиглан сонгуулийн сурталчилгаа хийж болох уу?


Болно. Нэр дэвшигч нь нэг сонгуулийн хэсэгт дөрвөөс илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглан сонгуулийн сурталчилгаа хийж болно. Мөн тэдгээр тээврийн хэрэгсэлд сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбар, дэлгэц, уриа, намын далбаа, чанга яригч байрлуулж болно.


Гэхдээ тэдгээр тээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлэн, таних тэмдгийг авч, ил харагдахуйц байрлуулсан байх шаардлагатай.


3.2 Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглаж болох уу?


Сонгуулийн сурталчилгаанд нэг сонгуулийн хэсэгт 10-аас илүүгүй зурагт самбар, дэлгэц ашиглаж болно. Зурагт самбар, дэлгэцэнд хэмжээний хувьд хоёр хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй байх шаардлага тавигдсан боловч түүний хэлбэр, загварт аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна. Дээр дурдсан хэвлэлийн хуудас гэдэгт А4 бичгийн цаасны найман нүүрийг ойлгоно.


Зурагт самбар, дэлгэцийг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар, үнэ төлбөргүй байрлуулна. Түүнчлэн, бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглосон.


3.3 Хэвлэмэл материал хэвлүүлэн сонгогчдод тарааж болох уу?


Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг сонгогчдод тарааж болох боловч үүнтэй холбоотой тодорхой хязгаарлалтуудыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан байна. Тухайлбал:


Ухуулах хуудасны хувьд нэг сонгуулийн хэсэгт 20-оос илүүгүй байршуулах бөгөөд ухуулах хуудас болон зурагт самбарыг зөвхөн тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоосон байршилд байршуулна. Ухуулах хуудасны хэмжээ нь нэг хэвлэлийн хуудас хүртэлх хэмжээтэй байна.


Өдөр тутмын бусад сонин сэтгүүлд нийтлүүлэх сонгуулийн сурталчилгааны материалын хувьд тэдгээр материал нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй хэмжээтэй байх шаардлага тавигдаж байна.


3.4 Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглахтай холбоотой ямар зохицуулалт үйлчилж байна вэ?


3.4.1 Бүх радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж болох уу?


Олон нийтийн радио, телевизийн хувьд сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг ХХЗХ-оос тогтоосон хуваарь, цагийн дагуу зөвхөн үнэ төлбөргүй нэвтрүүлэх бол бусад радио, телевиз нь сурталчилгааны нэвтрүүлгийг гэрээний үндсэн дээр нэвтрүүлнэ.


Ингэхдээ олон нийтийн радио, телевизээс бусад бусад радио, телевиз нь 2020 оны 5-р сарын 24-ний өдрөөс өмнө холбогдох журмын дагуу ХХЗХ-нд бүртгүүлсний үндсэн дээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж болно.


Тодруулбал, дараах сувгаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй бөгөөд ХХЗХ нь дараах сувгуудаас бусад радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ. Үүнд:

· Хүүхдийн суваг,

· Теле-худалдааны төрөлжсөн суваг, болон

· Төлбөрт суваг.


Тус жагсаалтад багтсан радио, телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх хүсэлтэй бол шаардлагатай баримт материалыг бүрдүүлж, холбогдох журмын дагуу ХХЗХ-нд бүртгүүлэх юм.


3.4.2 Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд ямар шаардлага тавигдах вэ?


Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбоотой харилцааг УИХ-ын сонгуулийн тухай хуулиас гадна Сонгуулийн ерөнхий хороо болон ХХЗХ-ны 2020 оны 4-р сарын 7-ны өдрийн 18/22 тоот хамтарсан тогтоолын хавсралтаар баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу зохицуулна. Түүнчлэн, радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд ХХЗХ хяналт тавьж ажиллана.


Дээрх журамд радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд тавигдах шаардлагуудыг нарийвчлан тодорхойлсон бөгөөд радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг зөвхөн УИХ-ын сонгуулийн тухай хууль болон дээрх журамд заасан арга, хэлбэрийн дагуу нэвтрүүлнэ.


Нэвтрүүлгийн хугацааны хувьд сурталчилгаанд дараах шаардлага тавигдаж байна. Үүнд:

· Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цаг /60 минут/-аас илүүгүй байх,

· Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах 60 минутны 15 минут нь нэг нам, эвсэлд, түүнчлэн бие даан нэр дэвшигчдэд ногдох, болон

· Радио телевизийн хөтөлбөрөөр гарсан нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ хоногт таван минутаас хэтрэхгүй байх.


3.5 Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглахтай холбоотой ямар зохицуулалт үйлчилж байна вэ?


3.5.1 Нэр дэвшигч хэдэн ч цахим хаягтай байж болох уу?


Сонгуулийн сурталчилгаанд дараах 3 хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно. Үүнд:

· Нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас,

· Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас, болон

· Бусад цахим хуудас.


УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигч нь сурталчилгаанд ашиглах өөрийн цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр ашиглах боломжтой. Ийнхүү бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг хориглоно.


Мөн нэр дэвшигч цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудаснаас бусад цахим хуудастаа сурталчилгааг сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтлэх шаардлагатай.


3.5.2 Хуурамч цахим хаяг ашиглан нэр дэвшигчийн нэр төрд халдах, гүтгэн доромжлох асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?


Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараасан бол ХХЗХ-оос дараах арга хэмжээг нэн даруй авах тухай УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Үүнд:

· Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудаснаас бусад цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах, болон

· Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг хаах эсхүл түр хязгаарлах арга хэмжээг авах.


Үүрэн холбооны болон интернетийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу зөрчил гаргасан цахим хуудас болон тухайн мэдээ, мэдээллийг өөрийн сүлжээнд хаах үүрэг хүлээнэ. Үүнээс гадна худал мэдээ, мэдээлэл тараасан иргэн, хуулийн этгээд нь Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.


3.5.3 Цахим сүлжээгээр дамжуулан санал асуулга явуулж болох уу?


Цахим сүлжээгээр дамжуулан санал асуулга явуулахыг хуулиар тухайлан хориглоогүй боловч тухайн санал асуулга нь улс төрийн чансаа тогтоох зорилготой бол хууль бус сурталчилгаанд хамаарна. Энэхүү асуудалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавьж ажиллана.


3.5.4 Цахим орчин дахь сурталчилгаатай холбоотой өргөдөл гомдлоо хаана гаргах вэ?


Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг Цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын газар хүргүүлнэ. Дээрх эрх бүхий байгууллага нь санал, дүгнэлтээ ХХЗХ-нд хүргүүлэх бөгөөд ХХЗХ нь холбогдох арга хэмжээг Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны 4-р сарын 14-ний өдөр баталсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-д заасны дагуу авч ажиллана.


4. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой ямар үйлдэл, үйл ажиллагааг хориглосон бэ?


Сонгуулийн жил эхэлснээс хойш 2020 оны 6-р сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд аливаа этгээд өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу хориглоно. Үүнд:

· Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх,

· Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх,

· Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах,

· Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх,

· Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах,

· Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,

· Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах.


Харин сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:

· УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх,

· Зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх,

· Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах,

· Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглах (УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаас бусад тохиолдолд),

· Оройн 22:00 цагаас дараа өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд чанга яригч ашиглах,

· Олон нийтийг хамарсан аливаа шашны зан үйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараах.


5. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой зохицуулалтыг зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ?


Сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчил гаргасан бол холбогдох журмын дагуу хяналт тавих эрх бүхий байгууллагаас хариуцлага ногдуулахаас гадна дор дурдсан зөрчил гаргасан тохиолдолд дараах хүснэгтэд дурдсан торгуулийг Зөрчлийн тухай хуулийн дагуу ногдуулахаар заасан байна. Үүнд:

Мэдээллийг бэлтгэсэн Ц.Булган, Э.Энхжин

Дараах холбоосоор PDF файлийг татаж авна уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу. Өмгөөллийн Авинекс Партнерс ХХН Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1-р хороо,

Жамьян гүний гудамж 18/1 , Даунтаун оффисийн барилга 702 тоот Утас: 7777 0033/7777 7021 Имэйл: solongoo@avinexlaw.mn, info@avinexlaw.mn

140 views

Recent Posts

See All

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулж баталсан хуулийн танилцуулга

Улсын Их Хурал (цаашид “УИХ” гэх) 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх с

bottom of page