top of page

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбогдуулж баталсан хуулийн танилцуулга

Улсын Их Хурал (цаашид “УИХ” гэх) 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэн баталсан.


Ковид-19 цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд, улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөн хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналын дагуу нийгэм, эдийн засгийн холбогдох зохицуулалтуудыг нэмж, хууль хоорондын болон хүний эрхийн зөрчил гаргахгүйн тулд энэхүү нэг удаагийн хуулийг баталжээ.


Энэ хуулийн зорилго нь Ковид-19-ээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


Энэхүү хуулиар зохицуулсан гол асуудлуудын талаарх мэдээллийг дараахаас авна уу.


Хууль хэдий хугацаанд хэрэгжих вэ?


Энэхүү хууль нь 2020 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх бөгөөд шаардлагатай бол УИХ энэ хугацааг зургаа хүртэл сараар нэг удаа сунгаж болно.


Хууль ямар харилцааг зохицуулах вэ?


Энэ хууль нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг зохицуулах ба цар тахлын үеэр хэрэгжүүлэх шийдвэр, арга хэмжээнд баримтлах зарчим, шаардлага, цар тахлаас сэргийлэх, тэмцэхтэй холбоотой УИХ, Засгийн газар, Улсын онцгой комисс, төрийн бусад байгууллагын эрх хэмжээ, үүрэг, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг зэргийг зохицуулж хуульчилсан байна.


Энэ хуулийг үйлчилж байх хугацаанд дор дурдсан хуулиудаас бусад олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй. Үүнд:

· Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль; болон

· Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль.


Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарласан арга хэмжээ авахад тавих шаардлага нь юу вэ?


Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд эдгээр шийдвэр, арга хэмжээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байхаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

· Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх, энэхүү зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон байх;

· Хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх;

· Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор болон бусад шинжээр нь ялгаварлан гадуурхахгүй, нэр төрийг нь доромжлохгүй байх.


Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарласан шийдвэр, арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол, шуурхай, дэлгэрэнгүй мэдээлж байхаар хуульд заасан.


Цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор гарах, шийдвэр арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарласан, бодитой, тохирсон байх бөгөөд Хүний эрхийн үндэсний комисс нь чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавьж ажиллана.


Энэ хуулийн хүрээнд Засгийн газар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?


Засгийн газар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг арга хэмжээг авах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хангах, эм, эмнэлэгийн хэрэгсэл зэргийг улсын хилээр гаргахыг хориглох асуудлыг шийдвэрлэх, нийгэм эдийн засагт цар тахлын үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр иргэдийн орлогыг хамгаалах, иргэдийн нийгмийн баталгааг хангах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой дэмжлэг үзүүлэх болон эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэхтэй холбоотой зарим тодорхой арга хэмжээ авахаар хуульд заажээ.


Тухайлбал, цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлэхээр хуульд заажээ.


Мөн цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллагад зохих дэмжлэг үзүүлэх, өргөн хэрэглээний болон стратегийн ач холбогдол бүхий зарим бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байхад чиглэсэн төрийн зохицуулалтын арга хэмжээг авах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх, төрийн хяналт тавих зэрэг эдийн засаг, бизнесийн салбарт хандсан зарим арга хэмжээ авахаар тус хуульд заасан.


Энэ хуулийн хүрээнд Монголбанк болон арилжааны банк ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?


Монголбанк нь зайлшгүй тохиолдолд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

· Төгрөгийн болон банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн тодорхой салбарыг дэмжих, банкны санхүүгийн байдлыг сайжруулах зорилгоор банканд зээл олгох;

· Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгын хүрээнд гадаадын банк, олон улсын банк, санхүүгийн байгууллага, хуулийн этгээдээс зээл болон бусад хэлцлээр гадаад валют авах, худалдан авах нөхцөлтэйгөөр дотоодын банк, санхүүгийн байгууллагад зээл олгох.


Цар тахлын үед мөн дараах арга хэмжээг авна. Үүнд:

· Банкны харилцах дансанд хүү тооцохгүй;

· Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй; болон

· Иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.


Ипотекийн зээлийн зохицуулалтыг хэрхэн тусгасан бэ?


Монголбанк нь энэ хуулийн хүрээнд ипотекийн зээлийн дараах зохицуулалтыг хийнэ. Үүнд:

· Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах болон үүнтэй холбоотойгоор Засгийн газраас дэмжлэг авах;

· Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор Монголбанкнаас олгосон санхүүжилтийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хэмжээгээр орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх;

· Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх.


Аж ахуйн нэгж, байгууллага ямар үүрэгтэй вэ?


Энэхүү хуулийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага нь хуульд заасан эрхээ эдлэхээс гадна дараах үүргийг хүлээх юм. Үүнд:

· Эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;

· Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх;

· Ажлын байранд агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;

· Иргэн болон ажилтныг халдвараас сэргийлэх нөхцөлийг эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бүрдүүлэх;

· Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах;

· Олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх;

· Үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх;

· Гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх;

· Цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг болон эрсдэлт бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;

· Хуульд заасан бусад үүрэг.


Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг дайчлан авч болох уу?


Энэхүү хуулийн дагуу цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан авч болно. Хэрэв дайчлан авсан тохиолдолд тухайн хөрөнгийн урсгал, эсхүл үйл ажиллагааны зардлын хэмжээгээр нөхөх олговрыг олгоно.


Аймаг, нийслэлийн Засаг дарга нар тухайн аймаг, нийслэл дэх дайчилж болох барилга байгууламжийн жагсаалтыг гаргаж Улсын онцгой комисст хүргүүлэх бөгөөд дээрх нөхөх олговрыг тооцох, олгох журмыг Улсын онцгой комисс санал болгож Засгийн газар батлах юм.


Хэвлэл мэдээлэлтэй холбоотой аливаа зохицуулалт байгаа эсэх?


Хуулиар иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагыг олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглосон байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага Улсын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг олон нийтэд үнэ төлбөргүй, саадгүйгээр мэдээлэх бөгөөд үнэн, бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч олон нийтэд хүргэх үүрэгтэй байна.


Иргэн санаатайгаар коронавирусыг бусдад тараасан бол арга хэмжээ авах уу?


Хэрэв иргэн халдварт өвчнийг бусдад зориуд халдаасан бол Эрүүгийн хуульд заасан холбогдох хариуцлага хүлээнэ.


Монгол Улсад байгаа гадаадын иргэний оршин суух визийн хугацаа дуусгавар болохтой холбоотой зохицуулалт бий юу?


Цар тахлын үеийн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтын улмаас тухайн гадаадын иргэн Монгол Улсаас гарах боломжгүй болсон гэдэг нь холбогдох баримтаар тогтоогдсон бол Монгол Улсын визийн болон Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг тухайн нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар сунгах, хугацаа хэтрүүлсний төлбөр, торгуулиас чөлөөлөх асуудлыг төрийн холбогдох эрх бүхий байгууллага шийдвэрлэхээр хуульд заасан байна. Түүнчлэн хэрэв Монгол Улсад байгаа гадаадын иргэн буцах хүсэлтэй бол тухайн иргэнийг улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг Улсын онцгой комисс шийдвэрлэнэ.


PDF файлыг дараах холбоосоор татаж авна уу.


191 views

Recent Posts

See All

Улсын их хурлын ээлжит сонгуулийн сурталчилгаатай холбоотой зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлд Монгол Улсын Их Хурал (цаашид “УИХ” гэх) нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байх, УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээр

bottom of page